МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН 2024 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Тус тайланд газрын нэгдмэл сангийн бүх ангиллын тоо бүртгэл, газрын улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон газар, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бүртгэл, газарт учирсан хохирол, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ, газрын төлбөр ногдуулалт, төвлөрүүлэлт зэрэг үзүүлэлтийг тусган танилцууллаа.
Монгол улсын Газрын нэгдмэл сангийн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт, шилжилтийн хувьд авч үзвэл хөдөө аж ахуйн газар 134.0 сая га буюу 85.7 хувь, хот, тосгон бусад суурины газар 1.2 сая га буюу 0.8 хувь, зам, шугам сүлжээний газар 871.9 мянган га буюу 0.6 хувь, ойн сан бүхий газар 1.8 сая га буюу 11.6 хувь, усны сан бүхий газар 2.0 сая га буюу 1.3 хувийг тус тус эзэлж байна.
Газрын нэгдмэл сангийн 2024 оны тайлангийн үр дүнг 2023 оны дүнтэй харьцуулан үзвэл хөдөө аж ахуйн газар 17.1 мянган га талбайгаар хасагдаж, хот тосгон, бусад суурины газар 14.7 мянган га, зам, шугам сүлжээний газар 2.0 мянган га, ойн сан бүхий газар 0.4 мянган га талбайгаар тус тус нэмэгдсэн бол усны сан бүхий газарт өөрчлөлт ороогүй болно.
Улсын хэмжээнд нийт дүнгээр 1,306,801 нэгж талбар буюу 3.1 сая га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад бүртгэгдэж, үүнээс газар өмчлөх эрхтэй 651,165 нэгж талбар буюу 64 мянган га газар, газар эзэмших эрхтэй 647,711 нэгж талбар буюу 2.2 сая га газар, газар ашиглах эрхтэй 7,925 нэгж талбар буюу 746 мянган га газар тус тус бүртгэлтэй байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд 1,017 газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааг зохион байгуулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Мөн Улсын хэмжээнд 2024 онд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хийсэн хяналт, шалгалт, газар зохион байгуулалт, суурь судалгаа, мониторинг, газрын кадастрын чиглэлээр хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудыг тус тайланд нэгтгэн танилцуулав.
Тус тайлангаас улс, орон нутгийн томоохон бүтээн байгуулалт, судалгаа, шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас дээрх тайланг цаасан болон цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах юм.
Газрын нэгдмэл сангийн 2024 оны улсын нэгдсэн тайланг танилцуулсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч ажиллахыг холбогдох агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Үүнд:
Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах,



Газрын тухай хуульд заасны дагуу иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй газар эзэмшүүлэх үйл ажиллагааг цахим системээр зохион байгуулах, шийдвэрлэх;




Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү