НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТГИЙН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газраас нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд танхимын болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус сургалтаар дараах сэдвээр:
✅ Орон нутагт 2026 онд геодези, зураг зүйн чиглэлээр хийх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний анхаарах асуудал, Геодези, зураг зүйн салбарт мөрдөж буй хууль, дүрэм, журам, стандартын шинэчлэлт;
✅ Геодезийн солбицлын дэд тогтолцоо, түүний хэрэглээ;
✅ GNSS-ын байнгын ажиллагаатай суурин станцын хэвийн үйл ажиллагааг хангах, хэмжилтийн өгөгдлийн чанарыг шалгах;
✅ Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажилд хяналт хийх, ажлын үр дүнг хүлээж авах, Газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх;
✅ Аймаг, сумын төвд том масштабын газрын зураг зохиох, хяналт шалгалт хийх;
✅ Хот байгуулалтын кадастрын URBAN цахим системд инженерийн байгууламж, шугам сүлжээний өгөгдөл мэдээллийг оруулах, засварлах, шинэчлэх;
✅ Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр нислэг төлөвлөх, зураг авах, боловсруулах чиглэлээр онол, практик сургалтыг зохион байгууллаа.
Мэргэжилтнүүдтэй хариуцсан асуудлын хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг олголоо.
Геодези, зураг зүйн удирдлагын нэгдсэн систем /www.geodesy.gov.mn/-ээр дамжуулан орон нутагт геодези, зураг зүйн үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, албан хаагчийн эрх үүрэг, оролцооны талаар систем хөгжүүлэгчээс дараах 3 дэд системийн сургалт, мэдээллийг өглөө. Үүнд:
✅ Геодезийн хэмжих хэрэгсэл, багаж баталгаажуулалтын үйл ажиллагааны дэд систем https://lab.geodesy.gov.mn/-ийн хэрэглээ;
✅ Геодезийн сүлжээний цэг, тэмдэгтийн дэд систем https://point.geodesy.gov.mn/
✅ Захиалгат ажлын дэд систем https://eservice.geodesy.gov.mn/
ГЗБГЗЗЕГ-аас 2026 оныг “Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсээс “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, иргэд олон нийттэй харилцах харилцаа, хандлага заавал дагаж мөрдөх хууль тогтоомжийн талаар танилцуулга сургалтыг хийлээ.
Сургалтын төгсгөлд тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Энхболд мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцон батламж гардуулах үеэр орон нутагт хийж хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээнд геодези, зураг зүйн ажлын гүйцэтгэл, үр дүн Газрын харилцааны салбарын хамгийн чухал суурь өгөгдөл мэдээлэл болохыг онцлон хэлж хариуцсан ажилдаа хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй, хамт олноо түүчээлэн ажиллаж төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхдээ иргэд олон нийтийн санал хүсэлтийг сонсож, төрийн албан хаагчийн ёсзүйг эрхэмлэн салбар байгууллага, тэдгээрийн нэгж удирдлагуудтай нягт хамтран ажиллахыг хүслээ.