“ОРЧИН ҮЕИЙН КАДАСТР-20” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус зөвөлгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төр хувийн хэвшил, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, доктор, 2002 оноос хойш кадастрын асуудал хариуцан ажиллаж байсан үе үеийн мэргэжилтэнүүдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөр Монгол Улсын кадастрын салбарын өнөөгийн байдал, 20 жилийн хөгжил, ирээдүйд хийгдэх томоохон арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар Монголын Кадастрын холбоотой хамтран хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд түгээх, сурталчлах, олон улсын жишигт нийцсэн кадастрын тогтолцоог бий болгоход талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилго бүхий “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.
Тус зөвөлгөөнөөр кадастрын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогийн баримт бичгүүдийг боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, дэлхий нийтэд хэрэглэгдэж буй дэвшилтэд технолгийн нэвтрүүлэх зэрэг 13 төрлийн зөвлөмжийг гаргалаа. Тухайлбал:
1. Монгол Улсад кадастрын чиглэлээр 2034 он хүртэлх хугацаанд баримтлах “Кадастр-2034” Монгол Улсын үндэсний стратегийг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Кадастр-2034” олон улсын тунхагт нийцүүлэн боловсруулах, батлах, төрийн бодлого, чиглэлд тусгах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг Олон улсын хэмжил, зураглаачдын холбоонд тайлагнаж байх;
2. Кадастртай холбоотой стандарт, журам, дүрэм, норм норматив, аргачлал боловсруулах, сайжруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
3. Газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, шалтгааныг тодорхойлох, бууруулах арга хэмжээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх;
4. Кадастрын мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл олгох, хяналт тавих ажлыг зохион байгуулах, боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх.
5. Кадастртай холбоотой ажил үйлчилгээ, нийслэл, дүүрэг, аймаг, сумдад хэрэгжиж байгаа талаарх судалгааг жил бүр шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр хийх, үр дүнг тодорхойлж, зөвлөмж, чиглэл боловсруулах;
6. Кадастртай холбоотой ойлголт, мэдлэг, мэдээллийг нийгэмд зөв таниулах, сурталчлах;
7. Кадастрын чиглэлээр шинжлэх ухааны судалгаа хийх, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх;
8. Мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлэх, эрэмбэлэх, чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх, гадаад болон дотоодод мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх;
9. Газрын үнэлгээний систем (CAMA)-ийг ашиглан газрын масс үнэлгээ хийх, жишиг үнэлгээг жил бүр нээлтэй мэдээлэх;
10. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв байдлын судалгаа хийх, зах зээлийг хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлох;
11. Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим сисиемийн хэрэглэгчийн эрх олгох багц сургалт зохион байгуулах, сертификат олгох;
12. Гурав болон дөрвөн хэмжээст /3D, 4D/ кадастрын нэгдсэн систем байгуулахтай холбоотой олон улсын судалгаа хийх;
13. Мэргэжлийн чиглэлийн олон улсын байгууллагуудтай төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд харилцан дэмжин оролцож, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах болон салбарын хөгжлийн төлөө хамтран ажиллана.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү