🌍 “ТОГТВОРТОЙ БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН САНХҮҮЖИЛТ: ОРОЛЦООНД СУУРИЛСАН БЭЛЧЭЭРИЙН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Тогтвортой бэлчээрийн менежментийн санхүүжилт: Оролцоонд суурилсан бэлчээрийн хяналтын тогтолцоо” сэдэвт зэрэгцээ арга хэмжээ өнөөдөр /2026.08.26/ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээний зорилго нь оролцоонд суурилсан бэлчээрийн хяналтыг тогтолцоог бий болгох чиглэлээр НҮБХХ-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн “Belcheer” гар утасны аппликэйшнээр дамжуулан малчид бэлчээрийн мониторингийн өгөгдөл мэдээллийг цуглуулах, цуглуулсан өгөгдлийг хиймэл оюуны тусламжтайгаар үнэлж, үндэсний бэлчээрийн мониторингийн мэдээллийн сантай нэгтгэх замаар бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, гарсан үр дүнг холбогдох төрийн болон санхүүгийн байгууллагууд болон малчдад нээлттэй хүргэх талаар танилцуулсан юм.


Бэлчээр аппликэйшн ашиглах видео заавар: https://youtu.be/qeYPy8u29Fs?si=EDe8iJttzZiMhjprБэлчээр аппликэйшний үр дүнгийн видео танилцуулга: https://youtu.be/vlmATLEuZTE?si=pm7oennpAV2IxKZd
Мөн бэлчээрийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, цаашид төр хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр БОУАӨЯ, ХХААХҮЯ, Хаан банк, ОУХБ, АХБ болон Монголын Байгалийн өв сан зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, үнэтэй санал, зөвлөмж, шийдлүүдийг энэ үеэр оролцогчид илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Завхан, Сүхбаатар аймгуудад малчдаар өгөгдөл мэдээллийг цуглуулах ажлыг Хаан банктай хамтран зохион байгуулсан бөгөөд “Belcheer” аппликейшнд малчдыг бүртгэж хамруулах, сургаж чадавхжуулахад идэвх санаачилгатай ажилласан шилдэг орон нутгийн зээлийн мэргэжилтнүүдэд батламж гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.Цаашид үндэсний хэмжээний оролцоонд суурилсан бэлчээрийн хяналтыг тогтолцоог бүрдүүлэхэд ГЗБГЗЗЕГ-аас эрхлэн хэрэгжүүлдэг бэлчээрийн фото мониторингийн нэгдсэн сүлжээнд малчдын оролцоог нэмэгдүүлж, “Belcheer” аппликейшнээр цуглуулсан өгөгдлийг нэгтгэх замаар мониторингийн үйл ажиллагааг сайжруулах, улмаар тогтвортой бэлчээрийн менежмент, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа энэ үеэр талууд онцолсон юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү