“Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг танилцуулах нээлтийн ёслолын үйл ажиллагаа
Хэзээ: 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 9.00-10.00 цаг
Хаана: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн
танхимд /Төрийн өмчийн XII байрны 2 дугаар давхрын 205 тоот/
Зохион байгуулагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Цогц дэмжлэг төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж, хэвлэн гаргасан “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулан, хүргэх нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулна.
Түүхэн эх язгуураасаа Монголчууд бид газрыг улсын үндэс гэж үзэж, ямар ч үнэ цэнэтэй зүйлээсээ чухалчилж ирсэн билээ. Газартай харилцах ёсон, түүнийг эрхлэн удирдах бидний арга ухаан нэн эртний бөгөөд Монгол Улсын төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэн уламжлалтай нягт холбоотой.
Одоо цагт, дэлхий нийтийн орчин цагийн чиг хандлагын дагуу манай улсын газрын харилцааны салбар нь улам төгөлдөржин хөгжиж байна.
Тиймээс энэхүү номд хоёр зууныг дамнасан газрын харилцааны уламжлалт болон одоо үеийн хууль тогтоомж, эрх зүйн актуудыг нэг дор эмхэтгэн оруулсан онцлогтой юм. Тухайлбал, Богд хаант Монгол Улсын үеийн газрын харилцааны дүрэм, журмаас эхлээд БНМАУ-ын Газар эдэлбэрийн хуулиуд, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу батлагдан мөрдөгдөж байсан болон эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулиудыг хамтад нь багтаажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон тус байгууллагаас газрын харилцааны хууль тогтоомжийг шинэчлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа цаг үетэй зэрэгцэн энэхүү эмхэтгэл гарч байгаа нь “уламжлалыг шинэчлэлд зохистойгоор шингээсэн” бодлогыг тодорхойлоход ач холбогдолтой болно.
Уг номыг хуульч В.Энхтамир, ГЗБГЗЗГ-ын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Р.Ганхуяг нар эмхэтгэж гаргаж, ГЗБГЗЗГ-ын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Ц.Ганхүү хянан тохиолдуулсан байна.
Шинэ номыг танилцуулах нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, дүүргийн газрын алба, 21 аймгийн ГХБХБГазар,МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, ШУТИС-ын Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн салбар, ХААИС-ын Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхим, Газар зохион байгуулагчдын холбоо, Газрын чөлөөт менементийн холбооны зочид, төлөөлөгчид, салбарын ахмад зүтгэлтнүүд уригдан оролцоно.
Энэ үеэр шинэ номын танилцуулгыг хийж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнд “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг хандивлана.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү