Газрын харилцааны салбарын хэмжээнд 2019 оныг “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон зарлалаа
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 02 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/25 дугаар тушаалаар 2019 оныг салбарын хэмжээнд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон зарлалаа.
Салбарын хэмжээнд 2017-2018 оныг “Нэгдсэн бодлого-Нэгдмэл тогтолцоо”-ны жил болгон зарлаж байсан бөгөөд энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор сумдын газрын даамлын орон тоо, цалингийн санг аймгийн ГХБХБГ-т шилжүүлж, газрын даамлын албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-5 болгосон, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан, Засгийн газрын 2018 оны 181, 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон, Засгийн газрын 2018 оны 320 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлын үнэлгээг шинэчлэн баталсан, Засгийн газрын 384 дүгээр тогтоолоор Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлуулсан, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 98 дугаар захирамжаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлуулан хуралдуулж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
2019 онд бид техник технологийн хөгжил, дэвшлийг ашигласан, инновацийг нэвтрүүлсэн иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилт дэвшүүлж “2019 оныг иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” болгон зарлаж байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд:
- байгууллагын цогц динамик веб хуудсыг хөгжүүлж, нэвтрүүлэн геодези, зураг зүйн суурь, орон зайн тоон өгөгдөл, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай дамжуулах, солилцох, лавлагаа авах, хайлт хийх, төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх,
- газар, байгалийн баялаг, нийгэм, эдийн засгийн бодит мэдээлэлд тулгуурласан газрын тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээг хийсэн, газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын төлөвлөлтүүдийн хоорондын уялдааг хангасан “Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээллийн сан”, “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан”-г тус тус бүрдүүлж, иргэдийг бүх шатны төлөвлөлтөд оролцож саналаа өгөх, төлөвлөлтийн мэдээллийг хаана байгаагаас үл хамааран харах, сонгох, хүсэлт гаргах системийг хөгжүүлэх,
- одоогийн газрын цахим биржийн програм хангамжийг хөгжүүлэн, үйл ажиллагааг нэмэгдүүлж, Нийслэлийн газрын албатай хамтран “Иргэдэд үйлчилгээ үзүүлэх төв”-ийн дэргэд тусгай танхим байгуулах ажлыг зохион байгуулж, аж ахуйн зориулалтаар төрийн өмчийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг иргэд цаг хугацаа, орон зайгаас үл хамааран ил тод сонголт хийж хөрөнгө оруулалт хийх, мэдээ, мэдээллийг тогтмол авах нөхцлийг бүрдүүлэх, иргэд өөрийн өмчлөлийн газрыг зах зээлийн жишигт нийцүүлэн арилжаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлэх,
- дээр дурьдсан төлөвлөлтийн мэдээлэлд суурилсан “Газрын кадастрын бүртгэлийн нэгдсэн систем” байгуулж, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын кадастрын зураг, газрын улсын бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах, кадастрын бүртгэлийн мэдээллийг онлайнаар хэрэглээнд гаргаж хууль тогтоомжоор хориглоогүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг өөрсдийн болон бусдын мэдээллийг харах, хянах системийг нэвтрүүлэх, УБЕГ, ТЕГ болон бусад шаардлагатай бүх байгууллагатай шууд үйл ажиллагаатай болгох,
- улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн системийг байгуулж, нэгж талбар бүрийн үнэ цэнийг бодитоор тогтоож, эдийн засгийг эрчимжүүлэх, улсын төсөвт орох орлогын хэмжээг нэмэгдүүлэн иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох,
- газрын төлөв байдал, чанар, чадавхийг тодорхойлох мониторингийн сүлжээг холбогдох байгууллагатай хамтран байгуулж, доройтолд орж буй газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг дараа оны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх,
- Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан салбарын төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, холбогдох баримт бичгүүдийг хуульд нийцүүлэн шинэчлэх зэрэг томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү