ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газрын удирдлагууд Орхон аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн нийт албан хаагчид болон сумдын Газрын даамлуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар сумдын Газрын даамал болон аймгийн ГХБХБГ-ын албан хаагчдын зүгээс дэвсгэр зургийн зөрүүтэй байдлыг засварлах, газар өмчлөлийн бүртгэлийн уялдааг хангах зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тавьж шийдвэрлэх талаар санал солилцлоо. Мөн газрын маргаан шийдвэрлэх, газар чөлөөлөх чиглэлээр туршлага судлах саналуудыг илэрхийллээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагуудын зүгээс 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдад дараах зөвлөмж, чиглэлүүдийг өгч ажиллаа. Үүнд:
✅ Газрын тухай хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд, шинээр батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем ажиллуулах зэрэг журмуудыг хэрэгжүүлж ажиллах;
✅ Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэхдээ иргэдийн оролцоо, орон нутгийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэх;
✅ Газар өмчлөлийн анхны бүртгэлийг мэдээллийн санд цахимжуулж УБЕГ-тай дундын мэдээллийн сан байгуулах зэрэг болно.
Мөн аймаг, сумдад албан хаагчдын тоног төхөөрөмжийг шинэчлэх, Албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө.