EN

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ” ХҮНСНИЙ ТОГТОЛЦООНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ҮЗҮҮЛЭХ ҮР ДАГАВАР СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад нэгдсэний 50 жилийн ойг тохиолдуулан “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ” Хүнсний тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг Дундговь аймагт 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр болов.

      Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын холбогдох яам, агентлаг, олон улсын байгуулага болон орон нутгийн байгууллагуудын төлөөлөл “Монгол дахь уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний тогтолцооны асуудал”, “Экологийн бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, шалтгаан, үр дагавар, нөхөн сэргэх боломж” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол улсад хэрэгжүүлж олон улсын байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр буй ажлын үр дүн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, нөхөн сэргээх шийдлийн талаар хэлэлцсэн юм.

      Цаг уурын байнгын ажиглалт, хэмжилт хийж эхэлсэн 1940-өөд оноос хойших мэдээллийг харахад Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг бөгөөд сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур 2.4 хэмээр өсөж, хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурч, мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цөлжилт, газрын доройтол 120,3 сая га талбай буюу нийт газар нутгийн 76,9 хувьд хүрч, бэлчээр нутгийн 90 гаруй хувь нь ямар нэг өөрчлөлтөд орсон ба сүүлийн 20 гаруй жилд гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин өссөн нь бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийн доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгааг судлаачид тогтоосон.  

      Тиймээс цөлжилт, газрын доройтлыг бууруулах оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох, хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээрийн зүй зохистой ашиглалт, хамгааллын чиглэлээр салбар хоорондын уялдааг идэвхжүүлэх, сайжруулах, бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойн зохистой менежментийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодит арга хэмжээг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг анхааран ажиллах шаардлагатай байгаа юм.

Дээш буцах