EN

Зөвлөлийн хурал

1. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2019 оны 1 дүгээр хурал

“Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн анхны хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  1. Газар зүйн нэрийн талаар НҮБ-ээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,
  2. Газар зүйн нэрийн талаар тусгагдсан хууль, эрх зүйн баримт бичгийн судалгаа,
  3. Газар зүйн нэрийн талаар Монгол Улсад хийгдсэн ажил,
  4. Газар зүйн нэрийн Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм,
  5. Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөө.

    1959 онд НҮБ-ын Эдийн, засаг нийгмийн зөвлөлийн дэргэд “Газар зүйн нэрийн шинжээчдийн бүлэг”-ийг байгуулсан бөгөөд 1967 онд Женев хотноо болсон тус бүлгийн анхдугаар чуулганаас түүхэн уламжлалт газар зүйн нэрийг тодруулан тогтоох, хадгалж, хамгаалах, албан ёсоор хэрэглэх, стандартчилахад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалж, улс үндэстэн бүр газар зүйн нэрийн үндэсний байнгын хороо, зөвлөлийг Засгийн газрынхаа дэргэд байгуулах, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн байгууллага нь газар зүйн нэрийн асуудлыг хариуцан ажиллахыг зөвлөмж болгожээ.

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан ард түмний суурьшилд ихээхэн өөрчлөлт гарах болж түүхэн уламжлал бүхий газар зүйн нэрүүд нь мартагдах, андуу ташаа нэрлэгдэх, өөрчлөгдөх болсон тул анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ “Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай” тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлиг гаргаж батлагдсан газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосноос гадна Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалжээ.

    “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын Геодези, зураг зүйн /хуучнаар/ газарт даалгасан байна. Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн  хээрийн судалгаа явуулан уул, нуруу, хөндий, гол, худаг, булаг зэрэг газар зүйн 242388 нэрийг тодотгон тогтоожээ.

    Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т “УИХ-аар газар зүйн нэрийг батална” гэж заасны дагуу тус газар нь Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулан, МУИС-ийн Нэр судлалын төвтэй хамтран 2004 онд газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон. 2019 онд ГЗБГЗЗГ-аас Газар зүйн дэвсгэр 215 нэрийн тайлбар зурагт толийг Э.Равдан ахлагчтай зөвлөх багтай гэрээ байгуулан боловсруулж хэвлүүлсэн.  Нэрийн зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцэж гишүүдээс өгсөн саналыг тусган дахин санал авахаар болов.

    Газар зүйн нэрийн зөвлөл 2019 онд дахин 2 удаа хуралдахдаа газар зүйн нэрийн асуудлаар боловсруулсан стандарт, норм, дүрмийг хэлэлцэхээс гадна орон нутгаас ирүүлсэн шинэ болон өөрчлөх нэрийн саналыг авч хэлэлцэнэ.

Дээш буцах