EN

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ II ЗӨВЛӨГӨӨН

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Монголын геодези, фотограмметр, геодези, зурагзүйн холбоо хамтран зохион байгуулж буй Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн энэ сарын 30-ны өдөр Төрийн ордны их танхимд болох гэж байна.

Зөвлөгөөнд УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, харьяа байгууллагын удирдлагууд,  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, Аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Монголын геодези, фотограмметр, геодези, зурагзүйн холбоо, Геодези, зурагзүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй төлөөлөгч оролцоно. 


Геодези, зурагзүйн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа батлан хамгаалах, аюулгүй байдал, байгаль орчин, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, зам тээвэр, барилга, хот байгуулалт зэрэг салбарын суурь өгөгдөл, мэдээллийг бүрдүүлээд зогсохгүй, хэмжилт зураглалт, хяналтыг гүйцэтгэдэг томоохон салбар юм.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Геодези, зурагзүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, Геодези, зураг зүйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хөгжлийн чиг хандлага болоод Геодези, зурагзүйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, чадавхыг дээшлүүлэх шаардлага, үнэлэмж, Нийслэл хотыг хөгжүүлэхэд Геодези, байрзүйн зургийн хэрэгцээ, салбарын боловсон хүчний хангамж зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлэг хийгдэнэ. 

Мөн Геодези, зурагзүйн салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэн /хамгийн сүүлийн үеийн техник, технологийг багтаасан/ зохион байгуулагдаж төрөл бүрийн газрын зураг, атласыг толилон харуулах юм. 

Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөнөөр “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг хийж, зөвлөгөөнөөс шийдвэр гаргах түвшний байгууллагуудад зөвлөмж гаргаж хүргүүлэхээр төлөвлөж байна. 

 

Дээш буцах